Xaxa.mn

Хаан Жеймсийн ХААН ТҮҮХ

Сагсан бөмбөгийн спорт тэр дундаа өрсөлдөөн ихтэй Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд “Хаан” хочит Леброн Жеймс өөрийн нэгэн амжилтаа дархлан үлдээлээ.
Даваа гаригт болсон тоглолтод тэр 30 мянган оноо, 10 мянган самбар, 10 мянган дамжуулалт өгсөн цор ганц сагсан бөмбөгч болсон юм. Хэдийгээр учраа багтаа хожигдсон ч Леброн Жеймс хувь амжилтаараа энэ спортын өөр нэгэн түүхийг бүтээв. Энэ спортын түүхэнд бахдам амжилт гаргаж байсан хувь тамирчид олон. Гэхдээ түүн шиг амжилт гаргаж байсан нь нэгээхэн ч үгүй. Уншигч ердөө хэдэн тоо л дурдаж харуулъя.
Энэ спортын түүхэнд 30 мянган оноо, 10 мянган самбар авсан ердөө тавхан тоглогч /Леброныг оруулаад/бий. 35 мянган оноо, 10 мянган самбар авсан ердөө гуравхан тоглогч бий нь Леброныг оруулж тооцоод Карл Мелоун, Карим Абдул Жаббар юм. Тэр бол энэ спортын түүхийг нуруундаа үүрч гараад 2000-аад оныг ам бардам төлөөлсөн бие хүн. Хэдийгээр нас ахисан ч энэ спортын түүхийг өөр нэгэн шатанд гаргаж, хүүхэдтэйгээ хамт нэг багт тоглосон анхны тамирчин болохоор зорьж байна. Түүний талаар уншигчдын тэр бүр мэдээд байдаггүй зарим нэг сонирхолтой баримтыг толилуулъя.
 
ЛЕБРОНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧ
 
Дасгалжуулагч гэхээр сагсан бөмбөгийн дасгалжуулагч гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ бол огт өөр тэр дундаа америкийн үндэсний хөлбөмбөгийн дасгалжуулагчид байжээ. Ээж нь болох Глориа Жеймс дөнгөж 16 насандаа түүнийг төрүүлсэн гэдэг. Ердөө хоёр настай байхад нь Глориа Жеймс нас нөгчиж тэрбээр улсын асрамжид шилжсэн юм. Леброн 9 настай байхдаа хөлбөмбөгийн идэрчүүдийн багийн дасгалжуулагч Брюс Келкертэй танилцжээ. Хэрэв спортын хүн байя гэвэл хүчний бэлтгэл хэрэгтэй тухай, биеэ өв тэгш хөгжүүлэхийн чухлыг Келкер түүнд ойлгуулсан байна. Удалгүй Френк Уокер гэх дасгалжуулагчтай танилцаж, хөгжих боломжгүй, муу муухай бүгдийн үүр болсон төрөлх хотоосоо явахыг түүнд зөвлөсөн юм. Түүнчлэн ямар ч үед сэтгэлээ бат барихыг, сэтгэл зүй спортод хэрэгтэй байдгыг ойлгуулжээ.
АХЛАХ СУРГУУЛЬДАА Л ТОДОРСОН ОД
Түүнийг ахлах сургуульдаа л од болсныг хүн бүр мэднэ. Гэхдээ нэг зүйлийг тэр бүр мэдэхгүй л болов уу. Одоогоос яг 20 жилийн өмнө 2002 оны хоёрдугаар сард спортын хамгийн алдартай “Спортс Иллустрейдэд” сэтгүүлийн нүүр хуудаст “Сонгогдсон нэгэн” гэх гарчигтай заларч байлаа. Энэ үед тэрээр 17 нас дөнгөж хүрээд байж. Түүний амьдралд тодоор тэмдэглэгдэх энэ өдрийг байнга дурсаж байхын тулд нуруундаа “CHOSEN 1” шивээс хийлгэсэн билээ. Тухайн үед NBA лиг зөвшөөрвөл шууд драфтад оролцох эрхтэй байсан ч драфтын эрхээ олж авахын тулд заавал ахлах сургуулиа төгссөн байх ёстой байсан тул дахин нэг жил ахлах сургуулийн багт тоглохоос өөр аргагүй болсон юм. Ахлах сургуулийн 2-р дивизионы даруухан тоглолтыг Леброн л тоглож байгаа учраас ESPN телевизийн суваг анх удаагаа орон даяар шууд дамжуулсан байдаг.
ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН ГЭМТЭЛ
Леброн Жеймс дунд болон ахлах сургуульдаа сагсан бөмбөгөөр ч, хөлбөмбөгөөр ч давхар хичээллэдэг, тэр ч бүү хэл хоёр багт хоёуланд нь тоглож байлаа. Хөлбөмбөгийн дасгалжуулагч нь түүнийг мэргэжлийн лигт дунджаас дээгүүр, од тоглогч болох боломжтой гэж дүгнэж, зарим талаар ятгаж байв. 2002 оны зургаадугаар сард хөлбөмбөгийн сонирхогчдын лигийн тэмцээнд оролцож байхдаа бугуйгаа гэмтээв. Америк хөлбөмбөгийн хувьд бугуй гэдэг бол маш чухал. Бугуй нь хүчтэй гэмтсэн тэрбээр гурван сар гаруй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон юм. Цаашид энэ спортод ямар нэгэн амжилт гаргана гэдэг эргэлзээтэй болсон тул бодит байдлаа тооцож үзээд, удаан бодсоны эцэст сагсан бөмбөгийн спорт руу эргэлт буцалтгүй оржээ.
 
“Илүү хөдөлмөрлөж, их унт”
Энэ бол түүний амьдралын философи. Хэрэв чи үнэхээр бүх цаг үеийн хамгийн аугаа тамирчин байя гэвэл амралт гэдэг бэлтгэлээс илүү. Тэрбээр энэ спортыг сонгосон цагаасаа өдөрт 12 цаг унтдаг байжээ. Өдөрт ердөө найман цаг л яс бэлтгэл хийнэ. Тэгээд амарна. Энэ хуваарь ердөө ч өөрчлөгдөөгүй. Амралтаа үр дүнтэй болгохын тулд нойроор мэргэжсэн мэдрэлийн эмчид хандаж, тусгай хичээлд хүртэл сууж байсан гэдэг. Амралт үр дүнтэй байж гэмээж нь тоглолтын үеэр ядралт багатай, бэлтгэлийн ачаалал даадаг гэдэгтэй Леброн Жеймс санал нийлдэг. Тэрбээр 2019 оны улиралд плей-оффт тоглосон минутаараа бүх цаг үеийн тэргүүлэгч болсон юм. Тухайн үед түүний минут 10.04 мянган минутаар хэмжигдэж байсан гэдэг.
Хаан түүх бүтээсэн Леброн Жеймс амжилтынхаа өөр нэг нууцыг дарстай холбон тайлбарласан нь бий. Тэрбээр 2018 онд ESPN сувагт өгсөн ярилцлагадаа “Би замналынхаа яг оргил үе дээрээ байна. Энэ бол миний тоглодог сагсан бөмбөг. Юу гээч, би дарс уух дуртай, би үүнийг зүрхэнд тустай гэж боддог. Гэхдээ хэтрүүлж хэрэглэдэггүй шүү” гэсэн байдаг. Кливлендэд байхдаа багийн хамтрагч Кевин Лоуд ч зөвлөж, системтэйгээр сайн чанарын улаан дарс ууж сурах нь цусны эргэлтэд нөлөөлдөг гэж ятгаж байжээ.
Загварын “Vogue” сэтгүүлийн нүүр хуудаст заларсан анхны хар арьст хүн
Леброн Жеймс 2019 оны хоёрдугаар сард загварын алдарт “Vogue” сэтгүүлийн нүүр хуудаст залрав. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хувьд маш том үйл явдал байсан ч олон хүн түүнийг шүүмжилж байлаа. Түүнээс өмнө ердөө хоёр эрэгтэй хүн нүүр зурагт заларч байсан нь Ричард Гир, Жорж Клуни нар байсан юм. Жизель Бундхентэй хамт нүүр хуудаст гарсан нь нэг талаар хар арьстнууд дундаа шүүмжлэлийн бай болов. Учир нь Бундхен үе, үе хар арьстнуудыг үзэн ядсан байр суурь илэрхийлдэг гэмтэй байв.
Нөгөө талаар Бундхен шиг үзэл баримтлалтай иргэд дунд хичнээн нэр алдартай гээд үзэл бодлынхоо эсрэг зогссон гэж Бундхен ч ад үзэгдэх маягтай болов. Дээрээс нь зургийн тавилт нь яг л “Кинг Конг” киноны зурагт хуудас шиг зогсоосон нь Леброныг “сармагчин” гэж төсөөлсөн мэт харагдаж, сошиал хуудсуудаар нэг маргаан дагуулсан билээ. Энэ тал дээр Леброн Жеймс өмнө ч тэр, одоо ч тэр ямар нэгэн байр суурь илэрхйилж байгаагүй юм.
Үйлдвэрчний эвлэлийн тэмцэгч
Акроноос гаралтай алдарт сагсан бөмбөгч маань 2019 оны хоёрдугаар сард Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчдын холбооны дэд тэргүүнээр анх удаагаа сонгогдов. Холбоондоо хоёрдугаарт эрэмбэлэгдэх энэ албан тушаалд хамгийн зохицсон хүн нь тэр байв. Олон хүн тэргүүнээрээ сонгох саналтай байсан ч өөрөө татгалзаж, дэд ерөнхийлөгчөд өөрийгөө дэвшүүлээд сонгогдсон юм. Тэрбээр лигийн нэг дутагдал байсан цалингийн зөрүү гэгчийг байхгүй болгоход голлох нөлөөтэй оролцжээ. Хэрэв байгалиас заяасан авьяасгүй, тодорч чадаагүй бол жирийн алба хаагчийн цалинтай зодог тайлдаг байсан явдлыг өөрчилж дунд болон дундаас дээш тоглогчдын цалингийн зөрүүг арилгаж, NBA лиг шууд дамжуулалт болон бусад брендингээс олж байгаа ашгаа тэнцүү хуваадаг болохыг Адам Силвертэй тохирч чадсан юм. Түүнчлэн аливаа баг тоглогчид худалдаж авахад NBA удирдлагууд хориг тавьж, наймааг цуцалдаг явдлыг болиулснаар нэг талаар Голден Стейтийн давамгайлал тогтооход тусалсан билээ.
Цалин яах вэ...
Хаан цолтой шилдэг сагсан бөмбөгч маань 31 хүртлээ багийнхаа тамирчдаас илүү цалин авч байгаагүй гэдэгт уншигч та итгэх үү. Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. 2016-2017 оны улирлыг эргэн санацгаая. Хэдийгээр тэрээр сагсан бөмбөгөөс гадуурх орлогоороо АНУ-д тэргүүлж байсан ч багийнхаан тамирчдаас бага цалин авч байжээ. Учир нь Кливленд багт боломж олгохын тулд өөрийн үнэлгээнээс маш бага гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байснаараа алдартай. Кливленд хотын иргэд түүнд хайртай байдгын шалтгаан нь энэ. Замналынхаа туршид тэрбээр Майами Хит багт байхдаа, мөн Лос Анжелес хотод ирэхдээ хамгийн өндөр цалин авч байгаа юм.
Сагснаас өөрийг ч сэтгэнэ
Тэр бол өөрийнхөө замналыг зөвхөн сагсан бөмбөгийн талбайд өнгөрөөх, үлдээхийг хүсээгүй нэгэн. Мэргэжлийн тоглогч болоод илүү их мөнгө олоод ирэх цагтаа мэргэжлийн санхүүчтэй уулзаж хувийн сургалтад сууснаар орлогоо зөв хуваарилхыг сурсан. Тиймдээ ч тэрбээр тухайн үедээ уналтад ороод байсан Ливерпуль клубийн хувьцааг авч хөрөнгийн зах зээлд амжилт олж болно гэдгээ дэлхий нийтэд харуулсан. Түүнчлэн Оскарын шагналт продюсер Октавиа Спенсертэй тохиролцож өөрийнхөө намтараар олон ангит баримтат кино хийхээр тохиролцсон билээ. Түүгээр ч зогсохгүй Жорданы “Спейс Жем”-ийн шинэ хувилбарт тоглож Холливудын хаалгыг тогшиж байгаагаа харуулсан.
Лос Анжелес багтай гэрээ үзэглэсэн нь ч цаанаа бас учиртай. Тэрбээр мэргэжлийн хүмүүстэй хамтран өөрийн гэсэн кино студи байгуулахаар болсонтой холбоотой билээ. Леброн Жеймс удахгүй дэлгэцэд гарах хэд, хэдэн кинонд хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. Хөрөнгө оруулахаас гадна хэд, хэдэн продакшн түүнтэй холбогдож кинондоо тоглуулахаар яриад эхэлжээ. Хамгийн сүүлд DC комиксынхон түүнтэй уулзаж кинонд тоглохыг санал болгосон ч өөрөө энэ саналаас татгалзсан билээ. Уншигч та таасан бол энэ жил нээлтээ хийх “Black Adam” гэх кинонд тоглуулахаар кастингийн баг сонгоод байсан юм.
Аавынхаа нэрээр...
Төрөх эмнэлгийн бүртгэлийн алдаа гэж ууган хүүгийнхээ нэрийг ад үздэггүй ч улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар нэгэн алдаа гарсан гэж нэг удаа ам алдсан нь бий. Түүх хаашаа ч эргэсэн бай хоёр дахь Леброн байх нь угаас хэцүү. Хэцүү гэдгийг нь ч Леброн Жеймс мэдэж байсан учраас нэрээ өөрчилж болно шүү гэдгийг хүүдээ хэлж байжээ. Гэхдээ “Бага Бронни” эцгийнхээ шийрийг хатаах авьяастай гэдгээ 14 наснаасаа харуулж эхэлсэн юм. Бронни яг л эцгийнхээ замналаар дунд сургуульдаа тодроод 12 нас хүрэхээсээ өмнө “Дюк”, “Кентакки” их сургуулиас урилга авч, тэтгэлэгт хамрагдах хүсэлтэд дарагдаж эхэлсэн гэдэг.
Түүний замналыг туулаад гарчихсан болохоор Леброн Жеймс хүүдээ юу зөвлөж байгаа нь тодорхой. Гэхдээ нэг талаар Леброн Жеймс ахлах сургуулиудын үйлдлийг эрс эсэргүүцсээр ирсэн. Учир нь насанд хүрээгүй, 10 нас ч хүрэхээс өмнө том сургуулиудаас урилга санал авах нь өөрийнх нь үзүүлэх бодит чадварыг дарна гэж ESPN сувагт өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Одоо ахлах сургуульд Броннигийн өмсгөл аль хэдийн зарагдаад эхэлсэн.
Б.АЗЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us