“Авъяас, суу билэгтэй хүн бүх талаараа л “авъяастай” гэж ярьдаг. Гэвч бас тийм биш аж. Гомосапиенс нь ямар ч суутан, дагина эсвэл хаан, од байсан ч халхавч болохгүй. Ариун цэвэртэй нөхөрлөхгүй л юм бол айхтар үнэр танар нь хүчтэй авьяас билгийн хажуугаар зуун зуунд алдаршин дурсагддаг аж. Доор дурдагдах зарим алдартны нэр танд гайхал төрүүлж магадгүй. Тийм л байг. Дэлхийн хүчирхэг авьяас билэгтэн, алдартнуудыг Та ямар хамар дүүрэн үнэрлэх биш!
Хувилгаан Бенедикт Анианский: Хувилгаан Иосифийн номнолыг өөрийнхөөрөө хүлээн авсан Католик шашины лам хуврагууд бараг л XVIII зуун хүртэл усанд орохыг (нууц загалмайлалт байгаагүй бол шүү) бие махбодийн нүгэл гэж үзэж иржээ. VIII зуунд уналтад орсон сүм хийдийн хатуу ёс зүйг сэргээгч Бенедикт Анианский нь даянч амьдрал, ширэлдсэн үс гэзэг, нийгмийн нэр хүндээрээ хувилгаанаар тодорсон юм. Хувилгаан Бенедикт маш багаар ховорхон хооллодог, угаалга нь түүнээсээ ч бага хүн байжээ. Лам нар угаалга хийдэггүй байсан тул үнэр нь хэд хоног дараалан өмссөн шивэртэй оймс шиг үнэртэй. Гэхдээ энэ үнэр маш нандин бяслагын төрлийг гаргаж ирсэн ч байж магадгүй. “Stinking Bishop” буюу “өмхий үнэртэй Епископ” гэсэн нэрийг тэр бяслаг авсан болохоор ингэж харьцуулсан байж мэдэх л юм.
Францын хаан IV Генрих: Францын хамгийн алдартай хаадын нэг Генрих Наварский “Хаант улсын хөдөлмөрч хамжлагууд нь ням гариг бүр үдийн хоолондоо тахиа иддэг байлгах”-аар зарлигдаж иржээ. Үнэнч зарц нар нь хаантан өглөө бүр цэвэр цамц өмсдөгийг мэднэ. Ордон ч бас мэднэ. Гэсэн ч Генрих хаан нэг л онцлог үнэрийг тээсэн байжээ. Тэрээр ан гөрөө хийх дуртай. Ангаас буцаж ирэхдээ амьтны үнэрийг үнэтэй усаар дарах нь байтугай угаалга хийдэггүй байж. Хааныг нууц амрагууд нь үхсэн сэгийн үнэртэй гэлцдэг байсан гэнэ. Түүний хоёр дахь эхнэр нь нөхөртэйгээ унтахын тулд үнэртэй усанд “шумбах” шиг л болдог байжээ.
Говард Хьюз: ХХ зууны энэ саятан, маш дэгжин, нисгэгч, үзэсгэлэнтэй залуу, кино продюсераас 40 кг-ын жинтэй араг яс болсон хүн юм. Мормон шашинаас өөр хэнд ч итгэдэггүй тэрээр сүү шоколад, салфетик бариад урлан руугаа явж ороод дотроос нь түгжин ганцаараа нүцгэн сууж кино үздэг байжээ. Тэндээс гарч ирээд Хьюз угаалга хийхгүй, хумсаа авахаас эрс татгалздаг. Жилд нэг л удаа үсээ тайруулдаг болов. Даянчийн амьдралд шилжсэн тэрээр Лас-Вегас эсвэл Багамын аралд амьдардаг болсон байна. Хьюз хүн төрхөө дээд зэргээр алдсан учир түүний цогцосыг танихын тулд цагдаагийнхан хурууных нь хээг авч байжээ.
Францын хаан Людовик XIV: Наран хаан 72 жил хаанчлахдаа Европт бүрэн эрхт хаант засаглал тогтоосон хүн юм. Луй Версалийн ордонг бариулж, хэнтэй ч хамаагүй дайн тулаан хийж ирэв. Харин тэрээр уснаас айдаг байлаа. Эмч нар нь IV Людовикийг амьдралд нь хоёр, гурван удаа л ваннанд оруулахаар ятгаж чадсан гэдэг. Тэрээр спирттэй алчуураар нүүрээ арчин үнэтэй энсэг хэрэглэхийг илүүд үздэг байжээ. Түүний үхэл хүргэсэн үхжилт хөлд нь эхлэхэд тэрээр эмч нарыг ойртуулаагүй, өвчтэй хөлөө ч угаалгаагүй байв.
Пруссийн хаан Агуу хэмээх II Фридрих: Фридрих Европын бөглүү чимээгүй Пруссийг бүхэнд заналхийлсэн машид хүчирхэг улс болгосон гавъяатай. Энэ сүрхий ажлыг бүтээн ядарсан тэрээр үлдсэн он жилүүдээ Сан-Сусид өөрийн дуртай хэдэн арван нохдын хамт өнгөрөөжээ. Эдлэнгийн зарим газарт 25-30 см-ийн зузаан давхрага үүсгэсэн нохдын жогорхойг цэвэрлэх гэсэн зарц нараа тэр ширүүн загнадаг байв. Фридрих хаан галзуурсан бололтой. Тэрээр угаалга хийдэггүй, хувцас хунараа сольдоггүй нэгэн болон хувирчээ. Хаан 1786 онд нас барсны дараа эрхэм дээдсийн өмссөн цамц нь хөлсөндөө идэгдэн илжирч урагдсан байжээ.
Мерилин Монро: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн жишиг болсон Мерилин Монро олон эрийн өвөр дамжсан түүх домогтой. Түүний нууц амрагуудын дунд Жо Ди Мажжио, Ерөнхийлөгч Кеннеди нар багтдаг. Эмсийн зүрхийг эзэмдэгч Кларк Гейблийн үгэнд хэрвээ итгэх юм бол тэр “Монро их бохир, гэхдээ сексийн талдаа биш” гэж хэлж байсан гэнэ. Гейблийн хэлснээр Мерилин байнга гүйлгэдэг, усанд бага ордог, орондоо голдуу хооллодог байсан гэнэ. Хоолныхоо үлдэгдлийг шалан дээр, орон доогуураа хаядаг байжээ.
Людвигван Бетховен: Хагас дүлий, онгод сайтай Бетховен XVIII зуунд зориулагдсан романтик хөгжмийн хаан нь байлаа. Тугалган хоолойноос болон хордлог авна гэж айдаг тэрээр усанд орохоос зайлсхийж иржээ. Тэр үед энэ хоолойг хортой металлаар хийдэг байлаа. Өвчин түүнийг маш уур уцаартай болгосон учир концертынх нь үеэр хоорондоо ярилцсан хүмүүс рүү тааралдсан бүгдийг шидэлдэг болсон байлаа. Гэрт нь ордог хэдэн цөөн найз нар нь түүнийг унтаж байх зуур муухай үнэртэй хиртэй хувцасыг нь угаадаг байсан гэнэ.
Карл Маркс: Коммунизмын эцэг, үгээгүй ядуусыг дэмжигч тэр бас л нэлээдгүй үнэр танартай хүн байсан гэдэг. Хэтэрхий их тамхи татдаг. Бараг өдөр бүр архи уудаг тэр идээт хатиг батганд баригдсан байв. Тэр нь бараг эдгэрдэггүй. Бас дээр нь угааж арчих нь хөрөнгөтний ёс зүй гэдэгт итгэдэг. Маркс “Капитал”-ынхаа эхний гар бичмэлийн хуудсууд нь ангийн тэмцлийн онолчийн батга, шархаа шахсан цус, идээгээр нь бохирдсон байсанд бахархаж ирсэн гэдэг юм билээ. Одоо герр Марксийн бавгар сахал нь цусанд будагдсан байсан гээд төсөөлөөд үз дээ.
Генриетта Грин: ХХ зууны эхээр 3.800.000 доллар цуглуулж чадсан АНУ-ын түүхэн дэх анхны бизнесмен хөрөнгийнхөө ихэнхийг ухаангүй их хэмнэлтээр босгожээ. Бизнесийн түүхэнд хамгийн харамч гэгдэх энэ эмэгтэй эвэрхийгээ оёулахаас татгалзаж байв. Эмчилгээний 150 доллар нь хэтэрхий их санагджээ. Мадам Грины ганц хүүгийн хөл нь хугарахад тэр үл тоон эмчилгээ хийлгээгүйгээс хөл нь үхжилд орон тайруулж байв. Амьдралдаа тэрээр хэдхэн удаа усанд орсон гэх. Бүх насаа хар урт даашинзтай өнгөрөөсөн бөгөөд хувцас нь өмсөх аргагүй элэгдсэн цагт л түүнийг сольдог байж. Хамгийн хямд будааг дэвтээн батарей дээрээ тавин халаасаар байгаад иддэг байсан гэнэ.
Мао Зэдун: Маогийн дотоодын хатуу харгис бодлого нь олон сая хүнийг хөнөөлд хүргэсэн ч Хятадыг хүчирхэг гүрэн болгосон юм. Тэрээр шүдээ хэзээ ч угаадаггүй, бүтэн биеэ угаасан нь ховор гэнэ. Амны хөндийгөө цэвэршүүлэх гэж ногоон цайн навч зажилж байх зуур нь удирдагчийг нойтон алчуураар биеийг нь арчина. Бар хэзээ ч шүдээ цэвэрлэдэггүй мөртлөө бүх насаараа хүчирхэг араатан байсан гэж тэр үздэг байжээ. Их удирдагчтай маргах хүн байгаа гэж үү?
Бидний дунд амьдардаг сая сая хүн олны шүтээн болсон хүчирхэг хүмүүстэй тааралдахыг хүсдэг. Гэвч тэдний зарим нь зөвхөн өөрөөс ялгарах үнэрээрээ бидний сэтгэлийг гутраахыг тэд мэдэхгүй. Гэхдээ аз болоход хамгийн үнэртэй гэж дүгнэгдсэн эдгээр нэрт хүмүүс аз болоход өнөөдөр амьд сэрүүн биш юм.
Эх сурвалж: ekabu.ru
Сэтгэгдэл бичих