Неймар да Силва Сантос Жуниор буюу зүгээр л Неймар. Та хөлбөмбөг сонирхдоггүй байсан ч энэ нэрийг мэдэж байгаа нь лавтай.
Хөлбөмбөгийн их гүрэн Бразилын өнөө цагийн хамгийн алдартай хөлбөмбөгч болох Неймар өнөөдөр 28 нас хүрч байна.
Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулъя.
Тийм ээ, би сайн тоглодог, гэхдээ би илүү том зүйл хүсдэг. Би хамгийн шилдэг нь байхыг үргэлж хүсдэг. Өдөр бүр өчигдрөөсөө илүү тоглохыг хичээдэг.
Хэн нэгнийг заавал хайрлах алба байхгүй. Гэхдээ хүндэтгэл гэж нэг зүйл байдгийг ойлгоорой.
Бразилд хөлбөмбөг бол жирийн спортоос хавьгүй том зүйл.
Шууд амжилт олно гэж байдаггүй. Шаргуу хөдөлмөрлө, бэлтгэл хий. Ингэж байж амжилтад хүрнэ.
Лео Месси, Криштиану Роналду хоёр миний шүтээн. Тэд дэлхийн шилдэг хөлбөмбөгчид. Би Месси, Иньеста, Шави нартай нэг багт тоглож, мөрөөдлөө биелүүлсэн.
Зогсож болохгүй, байнга урагш тэмүүл.
Даган мөрдөж байх ёстой амьдралын ганц дүрэм бол ямар ч нөхцөлд хүн чигээрээ үлдэх.
Хөлбөмбөг ялалт, ялагдлын ертөнц. Хамгийн чухал нь шантарч болохгүй.
“Эль-Класико”-д гоол оруулах нь хөлбөмбөгч болгоны мөрөөдөл. Би энэ мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байдаг.
Аварга цолоо хамгаалах нь аварга болохоос илүү хэцүү байдаг.
Би олон юм үзсэн. Гэхдээ 2014 оны тэр гэмтээд амьдралд минь тохиолдсон хамгийн аймшигтай зүйл байлаа. Би гэртээ хэвтээд уйлаад, аав, ээж минь бас дагаж уйлаад.
Гэмтэлтэй тоглохгүй байснаас тоглоод долоон гоол алдсан нь дээр.
Би шилдэг тоглогч болохыг хичээдэггүй, баг минь тэмцээн болгонд түрүүлж байхыг л хүсдэг.
Хэзээ нэгэн цагт би Бразилдаа харьж, тоглох хүсэлтэй. Мөн зодог тайлахынхаа өмнө АНУ-ын лигт хүч сорих бодолтой. Америкт хөлбөмбөг маш хурдан хөгжиж байна.
Мөнгөнд аз жаргал байдаггүй. Мэдээж мөнгө чухал ч санхүүгийн асуудал нэгдүгээрт тавигдаж болохгүй. “Сантос”-т байхдаа би маш их мөнгөний гэрээнээс татгалзаж байсан. Огт харамсаагүй.
Хүн болгон чамаас зайгаа барьсан ч өөртөө итгэ. Ингэж байж эр зоригтой болдог.
Би дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэдэг нь ойлгомжтой. Криштиану Роналду, Лионель Месси хоёр байгаа л даа. Гэхдээ тэд харь гарагийн хүмүүс.
Агуу тоглогч болохыг хүссэн хөлбөмбөгч бүр Английн Премьер лигт ядаж нэг улирал тоглох ёстой.
Дэлхийн аварга болохыг би маш их хүсдэг. Одоо миний бүх бодол санаа Катарт болох 2022 оны ДАШТ-д чиглээд байгаа.
Байнга шүүмжилж, худлаа мэдээлэл тараадаг хэвлэл мэдээллээс үнэхээр залхаж байна. Бурхан минь, надад тэвчээр хайрласанд тань баярлалаа.
Zindaa.mn
Сэтгэгдэл бичих