Б.ДОЛЖИНЖАВ
Манай гаригийн хамгийн халуун цэгт тооцогддог АНУ-ын Калифорниа мужийн “Үхлийн хөндий” үндэсний паркт ням гаригт 54.4 градус хүртэл халснаар дэлхийн хамгийн халуун өдөр болсон гэж АНУ-ын цаг уурын газраас мэдээллээ. “Нүүр маань үнэхээр тэсэхийн аргагүй халсан. Гадаа алхахад хэд хэдэн үс хатаагч сэнсээр зэрэг нүүр рүү минь үлээж байгаа мэт санагдсан. Миний биеийг бүхэлд нь халуу төөнөж, зууханд байгаа мэт мэдрэмж төрсөн” гэж паркын ажилтан Брэнди Стэварт ярьжээ. Тэрээр паркт тав дахь жилдээ ажиллаж байгаа юм. АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс энэ халуун нь хүний амь насанд аюултайг санууллаа. Тодруулбал, амьсгалын замын өвчин, бөөрний эмгэг, зүрхний эмгэгт сөргөөр нөлөөлнө хэмээн ДЭМБ анхаарууллаа. Өмнө нь 2013 онд уг паркт 54 градус хүртэл халж байсан. Гэхдээ өнгөрөгч зуунд паркт 56.6 градус хүртэл халж байсан талаар маргаан өрнөж байгаа. Мөн 1931 онд Тунист 55 градус хүртлээ халж байсан гэх судалгаа байдаг ч батлагдаагүй юм.
Эх сурвалж:BBC
Сэтгэгдэл бичих