Хобе утасгүйгээр олон хоног аялахад хэцүү байсан ч аавынхаа талаар илүү олон зүйл мэдэж авсандаа баярлаж буйгаа илэрхийлжээ
Канадын жүжигчин, кино найруулагч Жэйми Кларк гар утаснаас салахаа байсан хүүтэйгээ амьд харилцаа үүсгэхийн тулд Монгол руу аялсан тухай BBC онцолжээ. Техник технологийн эрин зуунд ухаалаг утас, цахим сүлжээгүйгээр амьдралаа төсөөлөхөө больсон өсвөр насныхантай ойлголцож, харилцан ярилцах нь эцэг, эхчүүдийн хувьд том асуудал болсон. Чухам энэ л асуудал Кларкт тохиолдсон учраас үүнийг эцэслэхээр шийдэж, хүүгээ дагуулан Монголд иржээ. Адал явдалд дурлагч Кларк ууланд авирах, явган аялалд гарах зэргээр өөрийгөө байнга сорьж байдаг нэгэн аж. Өдөржин утасны дэлгэц ширтэн, тоглоом тоглох хүүгийнхээ энэ байдалд тэр өөрийгөө буруутгадаг байна. Учир нь хүүгээ бага байхад нь Blackberry утсан дээр хамтдаа тоглоом тоглодог байсан нь хүүгийнх нь гар утсанд донтох эхлэлийг тавьжээ. Кларк 50 насныхаа төрсөн өдрийн баяраар гэр бүлээрээ цанын баазад очсон байна. Тэнд ямар ч интернэт, гар утасны сүлжээгүй байсан учир хүү нь найзуудаасаа холбоо тасарсандаа ихэд бухимдаж буйг ажигласан тэрбээр гар утас, технологи гэр бүлийнх нь харилцааг хэрхэн сүйтгэж байгааг ухаарчээ. Ингээд Монголын тал нутгаар мотоциклтой хөндлөн гулд давхих олон жилийн мөрөөдлөө биелүүлэхийн сацуу дэлгэцэнд донтсон хүүтэйгээ харилцаагаа сэргээхээр 18 настай хүүгээ дагуулан Монголд ирсэн байна. Кларк өмнө нь хоёр ч удаа Эверестийн оргилд авирч байсан туршлагатай уулчин бол хүү Хобе нь мотоциклтой холын аялалд хоёр удаа явсан ч аав шигээ ууланд авирч байгаагүй аж. Тэд долдугаар сарын 28-нд Монгол руу нисч, ирсэн даруйдаа мотоцикл, тэмээ, мориор 2200 км зам туулжээ. Монголд байх хугацаандаа тэд ганц ч удаа гар утсаа ашиглаагүй бөгөөд олон гайхалтай зураг авахуулсан ч нэгийг нь ч сошиал сүлжээнд нийтлээгүй байна. Хобе утасгүйгээр олон хоног аялахад хэцүү байсан ч аавынхаа талаар илүү олон зүйл мэдэж авсандаа баярлаж буйгаа илэрхийлжээ. Кларк ч хүүгээ одоо хүртэл жаахан мэт санаж, дутуу үнэлж байснаа ярьсан байна. Мөн тэд энэ аяллаас олж авсан туршлагаа амьдралд хэрэгжүүлж, техник технологийн муу талыг түрүүлж харахаасаа илүү өөрт ашигтайгаар ашиглаж сурахаар болсноо ч хуваалцжээ.
Б. Мөнхзул
Засгийн газрын мэдэ
Сэтгэгдэл бичих