Уншигч та бүхэндээ шинэ сарын мэнд. Ордуудын 10-р сарын зурхайг хүргэж байна.
Хонь
Сарын эхээр таны гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсч магадгүй. Хэрэв асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Санхүүгийн байдал огцом сайжирч, та өөрийн төлөвлөгөөгөө хугацаанаас нь эрт эхлүүлэх, ажил хэрэг болгоно. Материаллаг байдлаа ойр дотнын хүнийхээ тусламжтайгаар нэмэгдүүлнэ. Бусдын үг хэл, нөлөөнд автаж стрессдэж бухимдах нь таныг улам цухалдуулж, тавгүйтүүлэхээс цаашгүй. Мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүйд хүрвэл та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ барьж ав. Одоо л хөдлөхгүй бол танд боломж олон дахин олдохгүй. Түгшүүртэй, сэтгэл санаа тайван бус байдал мэдрэгдэнэ. Үүсч болох гэнэтийн аваар осол, бэртэл гэмтлээс сэргийлж их ачаалал авахгүй, биеийн хүчний ажилд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Та өөрийн төсөөлж ч байгаагүй нөхцөл байдлаас өөрт ихээхэн ашигтай байдалд шилжинэ. Идэвхтэй бүтээлч, овсгоо самбаатай байж чадвал бүх зүйл танд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй таны хувийн амьдрал ч ихээхэн өөрчлөгдөнө. Сарын дундуур өмч хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсч магадгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Үл таних хүмүүсээс хол байж, өөрийгөө болон гэр бүл дотнын хүмүүсээ аюулд орохоос сэрэмжил. Ахмадуудын хувьд баяртай, жаргалтай байх бөгөөд тэд хамтран зүтгэгчид, найз нөхөдтэйгөө уулзах, хайртай дотнын хүмүүстэйгээ уулзан учрах завшаан тохиож магадгүй. Гэнэтийн олон бэлгүүд, үйл явдлаар дүүрэн байна. Харин сарын сүүлээр гэнэтийн таагүй мэдээ нь таны сэтгэлийг ихээхэн зовоож мэдэх ч барьц алдаж, хяналтаа алдах хэрэггүй. Хамгийн ойрын дотнын хүнээсээ тусламж хүс. Эрчүүд хуучны дуу хөгжимд дурлах, түүх соёлоо уншиж мэдэх, цуглуулгатай болох талаар зарим нэг тодорхой ажил, үйлдэл хийнэ. Энэ ордны эрчүүд тушаал дэвших, ажлын хувьд өөрчлөлт орж ингэснээр таны биеэ авч явах байдал, байр суурь ч ихээхэн өөрчлөгдөх болно.
Үхэр
Сарын эхээр амьдралд болох таагүй зүйлс түр хугацаанд болох тул тайван ханд. Мөнгө төгрөгөө гээгдүүлэх эсвэл хулгайд алдаж магадгүй. Хамт ажилладаг хүнээс тань таны бодож, төсөөлж байгаагүй зүйл гарч таныг нэлээд гомдоож мэднэ. Өөрчлөлт шинэчлэлт хийх, урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Энэ ордны бүсгүйчүүд хэтэрхий дур булаам байдлаараа олон эрчүүдийн нүдийг өөртөө татах ч буруугаар ашиглах гэсэн тохиолдол гарч мэднэ. Шинэ харилцаа тогтоохыг хичээ, ялангуяа гадаадын боловсрол, мэдлэгтэй хүмүүстэй танилцах нь танд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Таны аливаад бодлогогүй хандчихдаг зан чинь эргээд өөрт тань уналтыг авчирна. Гадна дотнын олон улс цугласан газар уригдан очих, эсвэл ямар нэгэн байдлаар тэнд хэн нэгэнтэй уулзах завшаан тохиож магадгүй энэ нь танд ихээхэн боломжийг нээж өгч мэднэ. Албан тушаал, эрх мэдэл ахилаа гээд амьдралаас хол тасархай үг, үйлдэл гаргахгүй байх нь аливаа таагүй байдлыг урин дуудахгүй. Сарын дундуур хэтэрхий өөнтөгч, сэжигч зан эсвэл эсрэгээрээ гэнэн итгэмтгий байдлаас тань болж хайртай хосуудын харилцаанд үл ойлголцол үүсэж болзошгүй. Харин залуус боломжоо ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөхүйц зүйлийг олж мэдэх, ашиглахад анхаарлаа хандуулаарай. Санхүүгийн хувьд өсөлт мэдрэгдэхгүй, харин ч хэт хурдацтай буурч байгааг анзаарах болно. Улс төр нийгмийн ажилчдын ажиллах нөхцөл байдал жаахан төвөгтэй болж магадгүй. Танд нэр нөлөө бүхий хүмүүсийн тусламж, эсвэл нэлээд хөрөнгө мөнгө зарж хийсэн сурталчилгаа хэрэгтэй болж магадгүй. Сарын сүүлээр өөрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн ямар ч хамааралгүй хүмүүсийг татан оролцуулах хэрэггүй. Сэтгэл санааны байдал гонсгор, уйтгар, гомдлыг мэдэрнэ. Эрчүүдийн хувьд ажлын ачаалал ихтэй байх бөгөөд ганцаарчилж хийхээс илүүтэй хамтарч хийсэн ажил илүү үр дүнтэй, ахицтай байх болно. Сэдсэн ажлууд тань ихэвчлэн амжилттай байна. Аливаа хэл ам, үймээн шуугианаас холуур байхыг зөвлөж байна. Алба амины бүх төрлийн харилцаандаа анхаарч, уур бухимдал, тэвчээргүй зан гаргах хэрэггүй.
Ихэр
Сарын эхнээс харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, бүтээлч эрэл хайгуул хийгээрэй. Бүхий л үйл ажиллагаа тань санхүүтэй холбоотой байна. Тооцоолол, тайлагналаа зөв хийх нь таны ирээдүйд гарах алдагдал, эрсдэлээс сэргийлнэ гэдгийг санаарай. Сэтгэл санааны дарамт нь таныг ажил хийх нөхцөлгүй болгож магадгүй ч сөргөлдөөд сайн зүйлд хүрэхгүй гэдгийг ойлго. Жижиг маргаан нь даамжирч залруулахад төвөгтэй байдалд хүрч магадгүй. Өөрийнхөө биеийн эсэргүүцэл сул байгааг мэдэрч л байвал цаг алдалгүй дархлаагаа дэмжих, эсвэл эмчид хандаарай. Нийгэм таныг олон зүйлд татан оролцуулахыг хүсэх ч та тэр бүр даган хуйларч чадахгүй. Эрчүүд итгэлтэй, өөдрөг санаа бодол тань хуримтлагдсан асуудлаа шийдэхэд тусална. Сарын дундуур аялж зугаалах боломжийг алдалгүй гэр бүл, хайртай хүмүүстэйгээ богинохон хугацааг инээд хөөртэй өнгөрүүлээрэй. Мөн гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрийг идэвх санаачлагатай өнгөрөөхийг эрхэмлээрэй. Бизнесийн хүрээнд идэвхтэй үйл явуулахад тохиромжтой. Эрч хүч тань өндөр байгаа тул хэрэгтэй, ашигтай зүйл ялангуяа мэргэжлийн ажилдаа сайтар ашиглаж, эерэгээр нөлөөлөх хэрэгтэй. Аз турших, эрсдэлтэй алхам нь таныг алдаа хийхэд хүргэж магадгүй тул хөнгөн хуумгай аашлах хэрэггүй. Таны сонирхлыг татаж байгаа, эсвэл хачирхалтай зүйл нь таагүй явдлын шалтгаан болох болно. Хайртай дотнын хүмүүстэйгээ уулзаж учрах боломж гарахгүйгээс болж та ихээхэн ганцаардах болно. Сэтгэл санааны байдал тань тогтворгүй, хямарснаас болж зарим хүндрэлүүд тулгарах болно. Сарын сүүлээр санхүүгийн амжилт, эхэлсэн ажлаа амжилттай дуусгаж болно. Хувийн болон нийгмийн харилцаа нь бүтэмжтэй байх боловч илүү ихийг шаардах нь таныг эрсдэлд оруулж магадгүй. Хэрэв та бизнесийн салбарт боломжийн санал хүлээж авбал эргэлзэх хэрэггүй шууд хүлээж авах хэрэгтэй. Таны амьдралд ихээхэн өөрчлөлт авчирна. Суугаа ажил хийдэг хүмүүст ихэвчлэн спортоор хичээллэх, хөдөлгөөнөө сайжруулах боломжийн санал ирнэ. Таны хувьд бодохоос биш хэрэгжүүлдэггүй байсан зүйл тань боломж болон ирэх сайхан үеийг алдаж болохгүй.
Мэлхий
Сарын эхээр алсыг зорьсон ажил тань бүтэмжтэй байж, хаа холоос зүтгэсэн тань талаар болохгүй. Энэ хүсэл зориг тань таны ирээдүйд ихээхэн ашиг тусаа өгөх болно. Төлбөр тооцоотой холбоотой асуудлууд таны алтан цагаас ихээхэн хумслах бололтой. Та найдвартай, итгэлтэй хүнээр өөрийн хийж байгаа зүйлийг дүгнүүлж, бүр шалгуулахад буруудахгүй. Ганцхан далайцтай ажил хийхэд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрахыг одод хэлж байна. Иймд төлөвлөгөө, санаагаа сайтар боловсруулж найдвартай, баттай болсон үед нь, зөв цагт нь хэрэгжүүлэхэд амжилт таны гарт ирэх болно. Та хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж ямар нэгэн санхүүтэй холбоотой асуудалд унаж мэдэхээр байна. Мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнээс сайтар зөвлөгөө ав. Сүүлийн үед барьсан ажил тань багагүй асуудал тарьж, харилцагч эсвэл хамтрагчтайгаа маргалдах явдал үүснэ. Сарын дундуур залуу охидын хүсэл мөрөөдөл, гэгээлэг сайхан байж түүндээ хүрэх зам нь дөт, хялбар байхад од гарагийн нөлөө их байх болно. Бүсгүйчүүдийн хувьд шинээр хүнтэй танилцах, эсвэл хуучны сайхан найзынхаа шинэ дүр төрхийг харж, өөр талаас нь таньж мэднэ. Найз нөхөд ойрын хүмүүсийн тусламжид түшиглэхийг хичээгээрэй. Хайр дурлалын асуудал их таатай байх бөгөөд ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Хувийн орон зайгаа бий болгож өөрийн байр суурийг бэхжүүлэх хүсэл төрнө. Таны өөртөө итгэлтэй байдал нь олон хүний гайхшралыг төрүүлж магадгүй. Таны өөрийнхөө хүчинд итгэх итгэл тань тасралтгүй нэмэгдэж, бүх зүйл болж бүтэх мэт итгэл найдвар төрнө. Зөн билэг дээд цэгтээ, та бусдын үгэнд бус өөрийн совингоор бүхнийг шийдвэрлэх гэж хичээнэ. Шударга ёс, аюулгүй байдлынхаа төлөө тэмцэх, үзэл бодлоо илэрхийлж магадгүй. Таны итгэл үнэмшил, тууштай байдал тань ирээдүйн их үйлсийн эхлэлийг тавихад ихээхэн нөлөөлж магадгүй. Таны хүсэл мөрөөдөл маш ихээр овоорч түүнийгээ биелүүлэх боломжийг олж чадахгүйдээ гутарч магадгүй. Мөн өөрийн ажил төрлийг бүтэмжтэй болгох бүх талын мэдээ мэдээллийг өөртөө цуглуулах, шаардлагатай хүчин зүйлүүдийг бэлэн байлгахыг хичээ.
Арслан
Сарын эхээр гэнэтийн осол аваар, машин техник, цахилгаантай холбоотой ямар нэгэн зүйл тохиолдож болзошгүй тул бүх үйл хөдлөлдөө үргэлж хянамгай байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Энэ нь зөвхөн ахмад настан гэлтгүй энэ ордны хэнд ч тохиож болзошгүй. Хий хоосон мөрөөдөж, түүндээ автан суух нь таныг юунд ч хүргэхгүй гэдгийг санаарай. Мөнгө санхүүгийн холбогдолтой ажлаас холуур байх нь өлзийтэй. Танд олон зүйлийг бүтээж туурвих, ажиллаж хөдөлмөрлөх эрч хүч, идэвх зүтгэл өсөн нэмэгдэнэ. Хамтын хөдөлмөр эрхлэх, хувиараа бизнес эрхлэх зэрэг нь амжилт муутай ч алдагдал авчрахгүй. Томилолтоор явах, аялал зугаалгаар явах нь таны амьдралыг утгатай болгож болно. Таныг бүрхэж байсан хар бараан зүйлүүд сайхан дурсамж, үйл явдалд дарагдах болно. Хувийн амьдралдаа амжилт олох үндэс нь уян хатан зан, эелдэг даруу төлөв юм. Мөн таны овсгоо самбаа тань таныг олон зөв сонголт хийхэд тусална. Сарын дундуур ганц бие хүмүүс шинэ танилтай болж магадгүй ч ирээдүйн хань нөхөр нь болох эсэхийг уулзан байж, сайтар таньсны үндсэн дээр шийдвэрлээрэй. Орлогын эх үүсвэрээ алдах, хэн нэгэнд буруу ойлгогдох нь таны ажилд сөргөөр нөлөөлнө. Хөндлөнгийн хүмүүсийн заавар зөвлөгөөг чихнийхээ дэргэдүүр өнгөрүүлэх хэрэггүй. Тэд бүр таны өрсөлдөгч байсан ч хамаагүй, шүүмжлэл нь алдааг тань засахад ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Сарын сүүлээр шинээр ажил, бизнес эхлүүлэхэд таатай байна. Ажлаа амжилттай дуусгах, шинэ ажлын санал ирэх, ажлын гараагаа эхлэх гээд шинэ эхлэл бүхэн таатай байх болно. Үнэт зүйл олох, аз таарах зэрэг олз омог ихтэй байхаас гадна алба болон хувийн амьдралын санхүү багагүй хэмжээгээр нэмэгдэх болно. Авто техник сонирхдог, ажилладаг хүмүүст аз тохионо. Тэдний сонголт үргэлж зөв, оновчтой байх болно. Бүсгүйчүүд хуучнаа халж, шинийг эрэлхийлэх аянд морджээ. Тэд өөртөө бүрэн шинэчлэлт хийхээр шийдсэн тул тэднийг хэн ч зогсоож чадахгүй.
Охин
Сарын эхээр эрсдэлтэй ч гэлээ ирээдүйд үр нөлөөгөө өгч болох ажлыг та өөрийн хүсэл сонирхлын үүднээс хийхийг хүснэ. Тооцоолон бодох, бичгийн ширээний ард ажилладаг хүмүүсийн хувьд толгой өөд татахгүй ажилтай байх бөгөөд танд өмнөхтэй адил амрах цаг зав гарахгүй. Эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүний худал үгэнд итгэж өөрийгөө болон бусдынхаа ажлыг баллаж магадгүйг анхаар. Лиценз, зөвшөөрөлтэй холбоотой асуудал тань нэлээд сунжирч магадгүй. Та хэчнээн танил тал, найз нөхөд байгаад ч барахгүй гэдгээ ойлгоно. Ойр дотнын хүмүүсийнхээ урилга заллагад татгалзах хэрэггүй бөгөөд өөрийн хувийн сэтгэл санааны хямралаас болж дотнын хүмүүсээ гомдоохгүй байхыг зөвлөж байна. Сарын дундуур гэнэтийн ашиг орлого олох явдал гарахгүй тул азад найдах, хэн нэгнээс мөнгөн болон материаллаг тусламж ирнэ гэж найдах хэрэггүй. Өөрийн хүсэж буй зүйлээ бодит байдалтай харьцуулж үз. Бүх зүйлийг хийсвэрээр сэтгэх, ургуулан бодох чадвар маш их байгаа тул ялангуяа бусдын өмнөөс ямар нэгэн зүйл хийх, шийдвэр гаргах хэрэггүй. Хувийн байгууллагад ажилладаг хүмүүсийн ажил, орон тоонд ямар нэгэн өөрчлөлт, сэлгээ болж магадгүй. Үүнд өртөх магадлал өндөр байна. Үргэлж үглэж, хурц аашаараа бөмбөгдөж байдаг эрчүүдийн энэ үг, үйлдэл нь хайртай хүнээ цааш түлхэх шалтгаан болно. Харин сарын сүүлээр ажил төрөлдөө тооцоотой, төлөвлөгөөтэй байж, ёс суртахуунтай хандаж чадахгүй бол өөрийнхөө эсрэг хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр турхирах, тэдний дургүйцлийг ихэд өдөөнө. Энэ ордны хүмүүсийн оюун ухаан цэлмэг, бусдаас илүү сэтгэх чадвар өндөр байж хийсвэр сэтгэлгээ, бодит байдлыг хослуулах чадвар маш өндөр байна. Таны ажилдаа хайнга, өөриймсөг бус хандах байдал тань удирдлагын анхааралд өртөж буруушаагдаж магадгүй. Өөрийгөө атаа жөтөө ихтэй, хов живэнд дурлагсдаас цэвэрлэх цаг ирж. Энэ бүгдийг эртхэн нэг тийш болгож харилцаа холбоогоо таслахгүй бол улмаар таны хувийн амьдрал болон ажилд чинь нөлөөлж болзошгүй. Санаандгүй учрал, болзоо, баяр баясал, гэнэтийн бэлэг хосолсон тийм нэг азтай байна. Таны хүсэл мөрөөдлийн эхлэл тавигдах, бүх зүйл таны хүссэнээр болж буй мэт таатай мэдрэмжүүдийг мэдэрнэ.
Жинлүүр
Сарын эхээр бүтээлч сэтгэлгээ тань хамтран ажилладаг хүмүүст нөлөөлж, ажлын үр дүн нэмэгдэж, амжилтад хүргэнэ. Элдэв хүмүүсийн өдөөн хатгалгад өртөх, хов живийг дэвэргэх зэрэг нь танд маш муу үр дагаврыг авчрах тул өөрийгөө тийм хүмүүсээс тусгаарласан ч илүүдэхгүй. Бүх зүйлийг өөрийн чадлаар хийх гэж зүтгэх нь танд ихээхэн төвөг учруулж, ядрааж магадгүй тул олны хүчийг зөв зохистой ашиглахыг зөвлөж байна. Хүчин чармайлт гарган хийсэн зүйл тань үр дүнгээ өгч олны анхаарлын төвд орж мэднэ. Ашиг орлого тэнцэж, ингэснээрээ таныг амар тайван суух үе биш гэдгийг сануулж байна. Эрчүүдийн хувьд ажлын ачаалал ихтэй, зарим нэг нь өөрийн ажлаас илүүтэй бусдад тусалж явсаар ихэнх цагаа барна. Амьдралын эрч хүч дээшлэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Холын зочид хүлээж авах, гэр бүл, найз нөхдийн хүрээнд богино хэмжээний аялал, оройн зоог хийж магадгүй. Сарын дундуур чухал ажил шинээр эхлэх, байр сууриа өөрчлөхөд таатай байна. Ажил хэргийн холбоотой бүх төрлийн харилцаа чинь хүндхэн байх бөгөөд танаас нэлээд их хүч хөдөлмөрийг шаардана. Бизнесийн салбарт ажилладаг, их бага худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай байна. Харин бүсгүйчүүд шинэ учралтай учрах, найз нөхдийн нөхөрлөлөө бататгах, дотно харьцаагаа сэргээхэд таатай байна. Бодлын хүчээ, биеийнхээ хүчтэй хослуулан ажил хэргээ амжилттай явуулахад ихээхэн эерэг үр дүн гарна. Өөдрөг үзэл, хичээл зүтгэл нь таныг ямагт амжилтруу хөтөлнө гэдгийг санаарай. Харин сарын сүүлээр урлаг, уран сайхны холбоотой хүмүүс бусдыг өөртөө татах, ятгах чадвар өндөр байна. Од гараг таны бодлыг бодит зүйл болоход тусалж байна. Эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүйг анхааруулж байна. Хоол хүнсэндээ өмнөхөөсөө илүү анхаарахыг зөвлөж байна. Таагүйгээр төгссөн аливаа харилцаа сэргэх магадлал өндөр бөгөөд уучлал, гэмшил, тунирхал дунд нэлээд цагаа өнгөрүүлнэ. Гэнэтийн төлөвлөөгүй томилолт, аялал зэрэг нь таныг бухимдуулах ч яг цаг нь тулахад танд ихээхэн таатай мэдрэмжийг бэлэглэх болно. Санаанд орсон бүхнээ гүйцэлдүүлэх гэж өөрөөсөө маш их хүчийг зориулснаар ихээхэн ядрах, ачаалал авах болно. Шинэ ажил эхлүүлэх, олон төрлийн асуудлыг зэрэг шийдвэрлэх гэсний хэрэггүй.
Хилэнц
Сарын эхээр таны ажиллах чадвар өндөр байх тул ямар ч үүрэг даалгавар, ялангуяа анхаарал ихээр шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Албан тушаал ахих, санал оруулах зэрэгт тохиромжтой. Хайр дурлалын хувьд эсрэг хүйстний анхааралд өртөхдөө амархан байх болно. Хайртай хүмүүсийнхээ төлөө ямар нэгэн бодитой зүйл хийж хэвшихийг хүснэ. Таны хувьд олон талаас, маш олон хүний тусламж зөвлөгөө ирэх бөгөөд та түүнийг ойшоохгүй өнгөрүүлж магадгүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сүлжээний бизнес хийдэг, сайн дурын ажилтнуудын хувьд тэнцвэртэй өдрүүдийн нэг байна. Хамгийн төвөгтэй ажлыг ч ганц оролдлогоор хийнэ гэсэн итгэл тань талаар болж нэлээд их цагийг зарцуулж мэднэ. Од гарагсын таагүй байрлал нь таны бүтэлгүйтэл, азгүйдэлтэй нүүр тулгарах шалтгаан болж магадгүй. Сарын дундуур сэтгэл догдлуулсан баярт мөч таныг хүлээж байна. Хувийн амьдралд тань аз хийморь дагалдах болно. Шальдар булдар асуудлыг дэвэргэж, нөхцөл байдлыг илүү хурцатгах, дотоод зөрчилдөөнөө ил болгох зэрэг таагүй үйл явдлууд тохиолдож болзошгүй. Элдэв туршилт хийх, биелэгдэх аргагүй төлөвлөгөө зохиох, амьдралдаа хүч хөдөлмөрөө зориулан босгосон зүйлсээ нураах гэсний хэрэггүй. Эд хөрөнгө, мөнгө санхүүгийн холбоотой зарим асуудлууд урган гарах ч удаан үргэлжлэхгүй, амархан шийдвэрлэгдэнэ. Санхүүгийн хувьд бага зэргийн гачигдалд орсон боловч энэ асуудлаас биш авлага ихтэй, түүнийгээ авч чадахгүйд нэлээд бухимдах бололтой. Сарын сүүлээр бүсгүйчүүдийн өөдрөг үзэл, эрч хүчтэй байдал нь олон хүнийг уриалан дуудаж, их ажлын ард гарах болно. Таны хувьд хувийн амьдрал болон ажлын хувьд ямар нэгэн өөрчлөлт хийхэд эрсдэлтэй үе байх тул огцом өөрчлөлтөөс түр зууртай зайлсхийх хэрэгтэйг сануулж байна. Хайхрамжгүй байдлаасаа болж өөрийгөө бэртээх, элдэв зүйлээ хаяж үрэгдүүлэх зэрэг таагүй үйл явдлууд тохиолдож болзошгүйг од гараг анхааруулж байна. Мөнгө төгрөг олох, шинэ эх үүсвэрийг идэвхтэйгээр эрж хайх, эргэлзээтэй саналуудаас зайлсхийхийг зөвлөж байна. Бүтээн туурвих, алдаагаа засах, найр наадамд очиж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж хэт дарвихгүй байхыг зөвлөж байна.
Нум
Сарын эхээр амьдралын эрч хүч нэмэгдэж өөдрөг үзлээр дүүрэн байх ч хайр дурлалын эргүүлэгт орооцолдож сонгосон хүнтэйгээ өнгөрүүлэх цаг мөч бүхэн өөр нэг үүрэг даалгавраар солигдоно. Та хамгийн их итгэж найддаг хүнээсээ урвалтыг мэдрэх болно. Гэвч түүнийг та биш хувь заяа нь шүүж, шийтгэх болно. Эд хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудал гарч болзошгүй. Хулгай зэлгий, дээрэм тонуулд ч өртөж магадгүй. Аливаад шүүмжлэлтэй, хэт өөнтөглөн ханддаг байдал тань орчны уур амьсгалыг бүхэлд нь бүрхэх, цаашлаад өөрийгөө хянаж цэгнэх байдлаа алдаж магадгүй. Мөнгө санхүүгийн байдал танаас хамаарах шалтгаангүйгээр ялимгүй муудах талтай. Арилжаа наймаа, бизнесийн болон санхүүгийн хувьд эрсдэлтэй ажиллагаа явуулахаас зайлсхийх хэрэгтэй. Бүсгүйчүүд бүх цаг үед анхаарлын төвд байх бөгөөд тэдний хэлсэн ярьсан, үйлдэл бүхэн нь олонд таашаагдаж, эерэг бүхнийг хуримтлуулах болно. Сарын дундуур гадна орчинд ажилладаг хүмүүсийн ачаалал ихэдсэнээс эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй. Та өөртөө дүгнэлт хий, удаан хугацаанд ажил хийхгүй суусан бол бусдын тус дэмийг ахин дахин хүртэх гэж хичээх хэрэггүй. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд хүндрэл бэрхшээл тулгарах ч гарах гарц нь ойрхон байх болно. Бүсгүйчүүдийн сониуч зан нь олон юмруу үсрэлт хийхэд хүргэж мэднэ. Тэдний хувьд хамгийн чухлаа бус хамгийн сайхан руу сэтгэл алдрах, нөхцөл байдлаас үл хамааран өөрийн болгох гэж зүтгэх болно. Хайр дурлалтайгаа дөнгөж учирч байгаа хосуудын дунд бяцхан маргаан дэгдэж магадгүй. Гэвч энэ нь та хоёрыг сорьсон сорилт гэж ойлгож аливаад тайван, ухаалгаар хандахыг зөвлөж байна. Амттанд дурлаж, өнгөнд хууртах нь бүсгүйчүүдийн гол алдаа болох тул хүсэл, шуналаа барьж байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр адал явдалд дуртай, эрэн хайж явдаг хүмүүсийн хүсэл биелж таатай, таагүй олон үйл явдлын гэрч болж магадгүй. Эрчүүдийн бусдын анхаарлыг татах гэсэн содон үйлдэл амжилт олохгүй. Ахмадуудынхаа ач тусыг санах, тэднийг баярлуулах сэтгэлийн чин хүсэл оргилно. Үргэлж таны талд найдвартай зогсох нэгэнд гэнэтийн бэлэг барь. Өсвөр насны хүүхдэдээ илүүтэй анхаарал хандуулахыг од гараг зөвлөж байна. Эс бөгөөс ямар нэгэн асуудалд орох, үл бүтэх хүмүүстэй нийлэх, нөлөөнд нь автах магадлал өндөр.
Матар
Сарын эхээр нарийн мэргэжлийн хүмүүс, уран бүтээлч хүмүүсийг одод ивээж байна. Тэдний хувьд сэтгэн бодох чадвар улам ихээр нэмэгдэж, эрч хүч дүүрэн байна. Эрчүүдийн сэтгэл санааны тэнцвэргүй байдал, өөрийн шунал тачаалын дагуу явахыг эрмэлзэх нь ойрын хүмүүстэй ихэд маргахад хүргэнэ. Ямар ч шалтгаан, шалтаг олж харахгүй бөгөөд энэ нь зөвхөн таны сэтгэл санааны байдалтай шууд хамааралтай байна. Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд туйлын таатай байна. Эрдэм шинжилгээний ажил, ном зохиол бичих зэрэг оюуны хөдөлмөр, бүтээл туурвихад илүү амжилт олох бөгөөд нийгмийн харилцаа, олон нийтийн ажил нь тийм ч таатай бус байна. Харин ганц бие хүмүүсийн ханиа олох ажиллагаа бүтэл муутай байх ч шинэ танилтай ахин учирна. Сарын дундуур олон жил дуншиж, хийж чадалгүй өнжөөсөн зүйлээ барьж авна. Гэвч энэ нь танаас ихээхэн цаг хугацаа, эрч хүч шаардах болно. Бүсгүйчүүдийн хийж, зохион байгуулсан үйл ажиллагаа нь өөрийн тань хувьд амжилттай байх боловч олон хүнд үнэлэгдэх байдлаараа тийм ч амжилттай байхгүй бололтой. Бүсгүйчүүд олны анхаарлын төвд байх бөгөөд зан ааш, биеэ авч явах байдлаа илүү анхаарвал зохистой. Зохисгүй ааш авир гаргаж нөхцөл байдлыг өөрөөсөө урвуулах хэрэггүй. Ажил хэргийн уулзалт нь тодорхой хэмжээний хүчин чадал танаас шаардах болно. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд болгоомжтой, бодлоготой хандах хэрэгтэй. Та хувийн амьдралынхаа боломж бололцоог дээшлүүлэхийн тулд олон зүйлийг бодож төлөвлөсөн ч бүх зүйл таны хүслээр болохгүй. Харин сарын сүүлээр сэтгэл санаагаа ариусгаж хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулаарай. Хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартав аа. Ямар ч шинэ ажил хэргийг эхлэхэд таатай байна. Энэ ордны бүсгүйчүүд хөгжилтэй зан, хурц мэргэн үг хэллэг, авхаалжтай байдлаараа олны анхаарлын төвд орж чадах нь гарцаагүй. Хайр сэтгэлийн асуудалд таагүй. Зарим нэг бат бөх, хэзээ ч эмтрэхгүй, хугарахгүй гэсэн харилцаа чинь сэвтэхэд хүрч болзошгүй тул аливаа харилцаагаа хэвээр авч үлдэхийн тулд тэвчээртэй, хүлээцтэй байхыг зөвлөж байна.
Хумх
Сарын эхээр аливаа тулгарах саад бэрхшээлийг үл тоон санал болгосон шинэ төслийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харилцагч болон хамтрагчтайгаа харилцаагаа муутгах хэрэггүй. Нэлээд олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Санхүүгийн байдал тань тааламжтай, хангалттай зарлага гаргасан ч хүрэлцэхүйц хэмжээнд ирсэн байна. Өөртөө, гэр бүлийнхэндээ зориулахаар шийдсэн бол та өөрт зүйлрүү хазайх хэрэггүй. Таны анхаарлын төвд байх ёстой ажил тань бусдыг завгүй байлгаж, үр дүнгээ төвөггүй өгөх тул санаагаа чилээх хэрэггүй. Бүх бодсон зүйл тань урсгалаараа бүтэмжтэй байх болно. Үйл хөдлөл, идэвх тань мэдэгдэхүйц дээшилж бэрхшээл саадыг даван туулна. Удаан хугацаанд төлөвлөн байж хийсэн зүйл тань амжилт муутай болж таны тархийг гашилгана. Сарын дундуур уран бүтээлч хүмүүс өөрсдийн авьяас чадвараа дээд зэргээр ашиглан санасан бодсоноо амьдрал дээр хэрэгжүүлж аз одтой байх бололтой. Сурган хүмүүжүүлэгчид, нийтийн үйлчилгээний ажилтнуудын хувьд таатай нөхцөл байдал үүснэ. Ашиг орлогоо нэмэгдүүлэх ямар нэгэн зүйл сэдэж, хэрэгжүүлэхийг хүснэ. Таны эрч хүч туйлын дээгүүр байх тул өөрийн зориг хүрсэн бүхнийг хий. Ахмад настнуудтай болгоомжтой харьцаж, тэнцвэртэй байдлыг эрхэмлээрэй. Зөрчилдөөн үүсгэж асуудлыг эвээр шийд, хүндрүүлэх хэрэггүй. Сарын сүүлээр алдаа гаргаж болохгүй, нарийн чимхлүүр зүйлээ хамгийн итгэлтэй хүндээ даатга. Таны гаргасан аливаа шийдвэр бүгд оновчтой, сайн сайхан байхгүй бөгөөд энэ нь ардаасаа багагүй уршиг дагуулж магадгүй. Худалдаа наймаа хийдэг хүмүүсийн амжилт нь бусдын нүдэн дээр дэвжин дээшилнэ. Хувийн амьдралд тань тодорхой өөрчлөлт гарах магадлалтай байна. Та мэргэжлийн ажлаасаа таашаал авч, түүгээрээ бүрэн дүүрэн тэжээгдэн, тэтгэгдэх болно. Хувийн амьдралаа зохиох хэмжээний эрхэм хүнтэйгээ учрах болно.
Загас
Сарын эхээр ихэнх хүмүүс гэгээрсэн мэт санагдаж, өөрийн үнэ цэнтэй бүхий л чанаруудаа үзүүлэх болно. Танд байгаа мөнгөнөөс илүүтэйгээр төсөөлөл болон бүтээлч чанартаа анхаарлаа хандуулах юм бол олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Таны дотоод ертөнцөд болж буй зүйлс, бодит амьдрал дээр шууд буухгүй, нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарах аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй. Эрчүүд амьдралдаа үзэж байгаагүйгээр урам хугарах болно. Энэ нь таны хэн нэгэнд хэт их итгэх, түүнийг нэг ч удаа сэрдэж үзээгүй итгэлээс чинь болж мэднэ. Амьдралынхаа дүр төрхийг хэтэрхий идэвхтэй болгох гэж чармайж, зүтгэх хэрэггүй, учир нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж мэдэх аюултай. Бүсгүйчүүдийн хамгийн дуртай зүйлийн нэг болох эмэгтэйлэг төрхөндөө анхаарах, гоо сайхандаа илүү их анхаарах таатай нөхцөл үүснэ. Ганц бие эсвэл адал явдал хайгч энэ ордныхон эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах боловч энэ нь тун удахгүй үл ойлголцол, бага зэргийн зөрчилдөөнөөр төгсгөл болох болно. Сарын дундуур та гэнэтийн сонирхолтой санал хүлээж авч мэднэ. Бүр эртний танилтайгаа уулзаж, олон боломжийн талаар сонсож, барьж авах болно. Санхүүгийн ашиг хонжоотой юм уу сэтгэл татагдам санал ирж та яахаа шийдэж чадахгүй байж магадгүй. Ойрын үед үр дүнгээ өгөх, амжилттай хэрэгжиж болохуйц шинэ ажлыг зоригтойгоор эхлүүлэхийг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр, бичиг цаасны ажил нь бүсгүйчүүдийг ихээхэн завгүй болгож орхино. Хамгийн сонирхолтой ажлаа барьж авч, өөрт бусдад санаа тавих завгүй байх болно. Сэтгэн бодох чадвар өндөр, таны шинийг санаачлах, бодож боловсруулах ажлууд туйлын амжилттай байх бөгөөд энэ төрлийн ажлаас та таашаал, сэтгэл ханамжийг авах болно. Сарын сүүлээр хайр дурлалын ээдрээтэй асуудлууд хамаг эрч хүчийг тань барж мэднэ. Хол газар явах, гадаадад зорчих зэрэг нь таны хувьд нэлээд бэрхшээлтэй байж магадгүй. Бичиг баримт эсвэл ямар нэгэн зүйл тань бүтэхгүй таны аяллыг хойш татаж магадгүй. Оддын таагүй байрлал нь биеийн эсэргүүцлийг бууруулж, өвдөхөд хүргэх тул ачаалалтай ажиллахаас татгалзаарай. Ахмад настнуудын хувьд өөрийн эрүүл мэндийг гаргуунд нь орхисноор нэлээд хүндрүүлж мэдэх тул тэдэнд тодорхой анхаарал тавихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих