Цэцэг, навч дэлгэрч сэтгэл санаа гэгэлзүүлдэг дулаан улирал иржээ. Энэ сайхан үеэр найз нөхөд, гэр бүлээрээ цагийг зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд тань туслах хэд хэдэн санааг хүргэж байна.
1. Зугаалганд явах.
Сайн найзуудтайгаа хамтдаа ойр зуур идэх хачир, уух зүйлээ базаагаад тайван, тухтай байх бүхнээ бэлдэж, цэвэр агаарт сонин сайхнаа ярилцаж хөгжилдөх ч давгүй санаа шүү. Богд уул ч юм уу хаа нэг ойрхон газар луу явж болох юм.
2. Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болгох.
Бүхэл өдөржингөө таалагдсан бүхнийхээ зургийг аваарай. Эсвэл дан байгалийн зураг авах ч юм уу, амьтан, "street fashion", хотын барилга, хар цагаан гэрэл зураг зэрэг дагнасан сэдвээр зургаа авч болно шүү. Дараа нь үүнийгээ цомог болгоод дурсамж болгон хадгалсан ч болно. Олон жилийн дараа алдартай гэрэл зурагчин болох ч юм билүү.
3. Загасчлах.
Загасчлалын тухай зурагтаар харах, зураг үзэх, хэн нэгний яриаг сонсохоос илүү өөрөө хийж үзэх нь тэс өөр, шинэлэг мэдрэмж төрүүлэх болно. Хэрвээ та амьтны амийг таслах дургүй бол барьсан загасаа усанд нь буцааж тавьж болох юм.
4. Спад орох.
Нимгэн, хөнгөн, гоё ганган хувцасладаг улирал болохоор охид бүсгүйчүүд маань арьс, үс гээд бүх зүйлдээ зэрэг анхаарах хэрэгтэй болдог шүү дээ. Спа нь таны арьсыг толигор, зөөлөн, гэрэлтсэн харагдуулахад том тус хүргэх болно.
5. Спортоор хичээллэх.
Энэ улиралд дасгал хөдөлгөөн хийхийн тулд заавал ямар нэгэн танхим, заалыг зорих шаардлагагүй. Урин цаг ирсэн учраас бэлтгэлийн хувцастай л бол гэрийн гадаах талбайдаа гүйх, уулын бэлд очоод бясалгал, йога ч хийж болох юм. Та л хүсэж байвал ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхэд ямар ч асуудал гарахгүй болов уу.
6. Жимс түүх.
Зуны салшгүй нэгэн хэсэг бол мэдээж ойн зэрлэг жимс юм. Гүзээлзгэнэ, нэрс, улаалзгана, бөөрөлзгөнө гээд олон төрлийн жимс манай оронд ургадаг билээ. Байгальд явж, их хотын стрессээс ангижрахын зэрэгцээ өөрийн түүсэн, шүүслэг жимсний амтыг мэдрэх нь таатай биш гэж үү? Мэдээж одоохондоо жимс түүх цаг арай болоогүй ч санал болгох үүднээс орууллаа.
7. Шинэ зүйл турших.
Шинэ зүйл хийж, турших нь таны амьдралыг шинэчилж байгаа мэт санагдах болно. Хоолныхоо цэсэнд шинэ амттан, хоол оруулах нь хайртай дотнын хүмүүс, гэр бүлийн харилцааг тань шинэ "шатанд" ч гаргаж магадгүй. Нэгэн хэвийн уйтгартай байдлаасаа гарахын тулд бага зэргийн эрсдэл, шинэ зүйл туршиж үзэх хүсэл байхад л хангалттай гээд бод доо.
8. Фестивальд явах.
Залуу насыг дуу хөгжим, зугаа цэнгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зун цагт гадаа талбайд дуу хөгжмийн олон фестиваль, үдэшлэг зохион байгуулагддаг. Эдгээр үдэшлэгүүдэд та найз нөхдийн хамт очоорой.
9. Дугуйтай аялал хийх.
Их хотын түгжрэл, стрессээс холдож эрүүл мэнддээ анхаараарай. Шинэхэн танил, сайн найзууд гээд гэр бүлээрээ ч хамтдаа яваад хөгжилдөж болох юм. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангаж явахаа мартуузай.
10. Ууланд гарч нар мандахыг харах.
Хэрвээ та өвлийн хүйтэнд нар мандахыг харж чадаагүй бол одоо л яг тохиромжтой цаг иржээ. Амралтын өдрөөрөө ямар нэгэн групп, эсвэл гэр бүл, найз нөхөдтэйгөө төлөвлөж байгаад хараарай. Нарны илч, энерги танд хамгийн сайн сайхан, амьдралын аз жаргалыг мэдрүүлэх болно. Мандаж буй нарыг харж, өдрийг эрч хүч, энергээр дүүрэн өнгөрүүлээрэй.
11. Шинэ хэл сурч яагаад болохгүй гэж.
Орчин үед ганц хоёр хэлтэй бол дундаж нэгэн л байх болно. Хэрвээ онцгой байхыг хүсвэл энэ цаг заваа ашиглаад шинэ хэл сураарай.
12. Өмсөхгүй хувцсаа цэгцлэх.
Шүүгээгээ цэгцэл. Өмсөхгүй байгаа эсвэл хайртай хувцсанд тань ямар нэгэн асуудал тулгарсан байгаа бол өөрийнхөө хүссэнээр өөрчилж болох юм. Та ганцаараа биш Юүтүб багш маань байгаа шүү дээ.
13. Гар утас цахим сүлжээгүйгээр амрах.
Цахим сүлжээ, тоглоомууд тархинд тань амрах боломж олгохгүй байгааг та анзаарсан уу? Нэг өдөр ч гэсэн тархиа амраагаарай. Магадгүй танд энэ нь юунаас ч илүү амрах боломжийг олгох байх.
Сэтгэгдэл бичих